|
| 1 |
|
| Тэгэхэд Мосе хариулан-Хэрэв тэд надад итгэхгүй, миний үгийг сонсохгүй бол яах вэ? Учир нь тэд “ЭЗЭН чамд үзэгдээгүй” гэж хэлж магадгүй гэв. |
|
| 2 |
|
| ЭЗЭН түүнээс-Чиний гарт байгаа чинь юу вэ? гэж асуухад, тэр-Таяг гэж хариулсанд |
|
| 3 |
|
| Тэр-Түүнийгээ газар хая гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад, таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав. |
|
| 4 |
|
| Харин ЭЗЭН Мосед-Гараа сунган сүүлнээс нь барь гэлээ. Тэр гараа сунган түүнийг барихад, могой гарт нь таяг болов. |
|
| 5 |
|
| -Энэ нь тэдний өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав. |
|
| 6 |
|
| ЭЗЭН цааш нь түүнд-Одоо гараа өвөртөө хий гэв. Тэр өвөртөө гараа хийгээд гаргаж ирэхэд, гар нь цас шиг цагаарч уяман өвчтэй болсон байв. |
|
| 7 |
|
| ЭЗЭН-Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд өврөөсөө гаргаж ирэхэд, гар нь биеийнх нь бусад хэсэг шиг эрүүл болсон байлаа. |
|
| 8 |
|
| -Хэрвээ тэд чамд итгэхгүй, эхний тэмдгийн дуу хоолойг сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойнд итгэж болох юм. |
|
| 9 |
|
| Харин хэрэв тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж, чиний үгийг сонсохгүй бол чи Нилээс ус авч, хуурай газарт асга. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв. |
|
| 10 |
|
| Мосе ЭЗЭНд-Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би хэл яриа муу, модон хэлтэй хүн гэж хариулав. |
|
| 11 |
|
| ЭЗЭН түүнд-Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү? |
|
| 12 |
|
| Тиймээс одоо яв! Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана гэв. |
|
| 13 |
|
| Харин тэр-Өө, Эзэн, Та хүссэн хүнээ явуулаач! гэсэнд |
|
| 14 |
|
| ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч-Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлана. |
|
| 15 |
|
| Чи түүнтэй ярьж, үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Би та нарын юу хийхийг чинь та нарт заана. |
|
| 16 |
|
| Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр чиний амыг орлоно. Чи түүнд Бурхан шиг байна. |
|
| 17 |
|
| Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав. |
|
| 18 |
|
| Тэгээд Мосе тэндээс холдож, хадам эцэг Иетрогийнд буцан очоод, түүнд-Би Египетэд байгаа өөрийн ах дүү нар уруу буцан очиж, тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро Мосед-Амар тайван яв даа гэж хэлэв. |
|
| 19 |
|
| Мидианд ЭЗЭН Мосед хандан-Египет уруу буцан оч. Чиний амийг эрэлхийлж байсан бүх хүн үхсэн гэж айлдав. |
|
| 20 |
|
| Ингээд Мосе эхнэр, хөвгүүдээ авч тэднийг илжиг унуулаад, Египет нутаг уруу буцан явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа. |
|
| 21 |
|
| ЭЗЭН Мосед-Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатуу болгох бөгөөд тэр ард түмнийг явуулахгүй. |
|
| 22 |
|
| Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израиль бол Миний хүү, Миний ууган хөвгүүн. |
|
| 23 |
|
| Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална”” хэмээн хэл гэв. |
|
| 24 |
|
| Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв. |
|
| 25 |
|
| Тэгэхэд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ хөвчний арьсыг огтлоод, түүнийг Мосегийн хөлд хаяж, -Чи үнэхээр миний цусан нөхөр гэж хэлэв. |
|
| 26 |
|
| Тэгэхэд Тэр Мосег тавив. Тэр үед Зиппора “Чи цусан нөхөр мөн” гэж хэлсэн нь хөвч хөндөлтөөс болсон юм. |
|
| 27 |
|
| ЭЗЭН Ааронд-Цөлд Мосетэй уулзахаар явагтун гэв. Тэр явж, Бурханы ууланд түүнтэй уулзаж, түүнийг үнсэв. |
|
| 28 |
|
| Мосе өөрийг нь илгээсэн ЭЗЭНий бүх үг ба өөрт нь тушаасан бүх тэмдгийг Ааронд хэлэв. |
|
| 29 |
|
| Мосе, Аарон нар хамт явж, Израилийн хөвгүүдийн бүх ахмадуудыг цуглуулаад, |
|
| 30 |
|
| ЭЗЭНий Мосед айлдсан бүх үгийг Аарон ярив. Дараа нь тэр ард түмний өмнө тэмдгүүдийг үзүүлэв. |
|
| 31 |
|
| Тэгэхэд ард түмэн итгэв. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлонг харсныг тэд сонсоод, доош бөхийж, мөргөлөө. |
|
|
|
|